Физикийн тэнхим

ФИЗИКИЙН ТЭНХИМ

1. Товч түүх

ХШУС-ийн физикийн тэнхимийн түүх 1963 онд МУИС-ийн физик-математикийн факультетэд инженерийн мэргэжлийн физик сургалтыг хариуцуулж, физик буюу ерөнхий физикийн тэнхимийг профессор Д.Чүлтэмээр эрхлүүлэн байгуулснаар эхэлжээ. Физикийн салбарын сургалт, эрдэм шинжилгээний нэгэн төв болгох үйлсэд 1963-1965 онд тэнхимийн эрхлэгчээр ажиллаж байсан доктор, профессор шинжлэх ухааны гавъяат ажилтан Д.Чүлтэм, 1965-1982 онуудад тэнхимийн эрхлэгчээр ажиллаж байсан доктор, олон жил деканаар ажиллаж байсан доктор, дэд профессор Д.Халтар, декан А.Самдан нар эргэн дурсагдах гавъяатай хүмүүс билээ. ЗХУ-ын Дубна хотын ЦШНИ, Москвагийн Ломоносовын нэрэмжит их сургууль зэрэг гадаадын нэр хүндтэй томоохон Э/Ш-ний төвүүд, их дээд сургуультай хамтран судалгаа шинжилгээний ажил явуулж, багш нарынхаа мэргэжлийг дээшлүүлсний үр дүнд тус тэнхимээс биофизикийн тэнхим, агаар мандлын оптик чанар, одон орныг судлах геофизикийн оргил зэрэг салбарууд бие даан гарсны зэрэгцээ багш нараас Монгол улсын Гавъяат багш, доктор профессор Т.Гун-Аажав, доктор профессор Ш.Гэрбиш, доктор профессор Б.Базаррагчаа, Ц.Содов, Н.Түгжсүрэн, Д.Ганбаатар, Л.Хэнмэдэх, Г.Батсүх, Б.Доржсүрэн, Б.Түмэндэмбэрэл, С.Хүрэлсүх, ШУТИС-ийн хүндэт профессор М.Дүгэрсүрэн, Н.Дамдинжав, Ш.Рашид зэрэг профессор багш нар төрөн гарч өнөөдөр сургалт, эрдэм шинжилгээний ажилд оюутан залуучууд, залуу багш нарыг дагалдуулан туршлагаа өвлүүлэн хамтран амжилттай ажиллаж байна.

Ерөнхий физикийн тэнхимд мэдлэг чадвартай, ажилсаг шуурхай чанараараа тэнхимийн хөгжилд нэрээ үлдээсэн багш Д.Лхагвасүрэн, Л.Тогтохбаяр, Д.Базарсад, Б.Баясгалан, доктор Х.Дондог, О.С.Барданова хичээлийн туслах ажилтан Д.Должинсүрэн, Л.Лувсандулам, О.Мядаг, Ц.Гөлгөө, Х.Нацагням, Д.Сэлэнгэ, Г.Бямбасүрэн, Хишигсүрэн, Жанчивдорж, Ж.Цэдэндамба, Ч.Оюун, Д.Байгалмаа  нар ажиллаж байсан юм.

Тус тэнхимийн эрхлэгчээр доктор (Ph.D) Ч.Алдармаа, тэнхимийн эрхлэгчийн туслахаар М.Өлзий-орших ажиллаж байна.

Физикийн тэнхимд 3 профессор, нэг зөвлөх профессор, нэг дэд профессор, 11 ахлах багш,  14 багш, нэг дадлагажигч багш, 6 сургалтын мастер, нэг хичээлийн туслах ажилтан, нэг тэнхимийн эрхлэгчийн туслах ажиллаж байгаа бөгөөд боловсролын ухааны доктор (Ph.D) зэрэгтэй 17 эрдэмтэн болон магистр зэрэгтэй багш нар ажиллаж байна. 

 

                                                          СУРГАЛТ

2. Бэлтгэн гаргадаг мэргэжил: 

  • Инженер физик (Бакалавр, магистр, доктор (Ph.D))
  • Үйлдвэрийн экологийн инженер (Бакалавр, магистр)
  • Цөмийн түлшний техник технологи (Бакалавр)

Манай төгсөгчдөөс гадаад, дотоодын их дээд сургуулиудад үргэлжлүүлэн суралцаж 10-аад төгсөгчид докторын зэрэг, 70 гаруй төгсөгчид магистрын зэрэг хамгаалаад байна. 

Тус тэнхимийн багш нар хамтран 120 гаруй ном, сурах бичиг, гарын авлага, шинэ бүтээлийн патент 25, эрдэм шинжилгээний болон сурталчилгааны өгүүлэл 800 гаруй өгүүллийг бичиж нийтлүүлжээ.

3. Сургалтын лабораториуд:

  • Механикийн лаборатори

Классик механикийн тулгуур хууль үзэгдлийн ойлголтыг бататган, туршлага дээр шалгаж, онолын мэдлэгийг практикт хэрэглэх, багаж төхөөрөмж дээр хэмжилт туршлага хийх дадал олгож, тооцоо боловсруулалт хийх арга ажиллагаанд сургана. Нэг ээлжинд 20-25 оюутан хичээллэх суудалтай, лабораторийн хичээл явуулах 6 ажилтай.

  • Молекул физикийн лаборатори

Энэ лаборатори нь инженер техникийн ангийн оюутнуудад молекул физикийн лабораторийн хичээл явуулах, хэмжих багажуудтай биечлэн танилцах зориулалттай. Молекул физикийн хууль үзэгдлийн зүй тогтлыг туршлагаар судалж шалгах, практикт хэрэглэх хэмжилтийн явцад гарах алдааг тооцоолж үр дүнгээ тооцож сурах арга дадлыг олгоно. Лабораторийн хичээлийн 6 ажилтай. Нэг ээлжинд 20-25 оюутанд үйлчлэх багтаамжтай.

  • Цахилгаан ба соронзонгийн лаборатори

ШУТИС-ийн ангиудад цахилгаан-соронзон үзэгдлээр лабораторийн хичээлийг явуулах, цахилгаан хэмжих багажуудын ажиллагааны зарчимтай танилцах зориулалттай. Цахилгаан соронзон үзэгдлийн хуулиудыг туршлагаар судалж шалгах, цахилгаан схемийг бие даан угсарч, шалгаж сурах, туршилтын үр дүнг боловсруулах арга ажиллагаанд сургана. Лабораторийн 10 ажилтай. Нэг ээлжинд 20-25 оюутан хичээллэнэ.

  • Оптик, цөмийн физикийн лаборатори

Лабораторийн зорилго нь оптик болон атом цөмийн физикийн үзэгдлүүдийг туршлага дээр шалган онолын мэдлэгийг бататган гүнзгийрүүлэх, оптик багаж хэрэгсэлтэй танилцан, тэдгээрийг хэрэглэн хэмжилт хийж сурах, физик туршилтыг бэлтгэх, явуулах хэмжилтийн үр дүнг боловсруулах арга барил, дадал чадвар эзэмшүүлэх, цацраг идэвхт бодистой ажиллах, хадгалах, хамгаалалт хийх, бүртгэх үйл ажиллагаанд сургана. Лабораторийн 7 ажилтай. Нэг ээлжинд 20-25 оюутан хичээллэнэ.

                  

ЭРДЭМ ШИНЖИЛГЭЭ

4. Судалгааны лабораториуд:

  • Нанотехнологийн лаборатори

Эрдэс түүхий эд, бодис, материалын кристалл бүтэц, найрлагын судалгаа, 1нм÷10000нм-ийн мужид бөөмийн хэмжээс ба түүний тархалт, тогтворжилтийн судалгаа, Монгол орны эрдэс түүхий эд, түүгээр үйлдсэн бүтээгдэхүүний физик шинж чанар, технологийн судалгаа явуулж улс болон олон улсын нэр хүндтэй сэтгүүлүүдэд хэвлэгдсэн байна.