Сургалт, хөтөлбөр

СУРГАЛТ

Бид ШУТИС-ийн математик, физик, химийн ерөнхий эрдмийн суурь хичээлүүд болон өөрийн сургуулийн мэргэжлийн сургалтыг хариуцан явуулж байгаа бөгөөд нэг хичээлийн жилд бүрэлдэхүүн сургуулиудын 3000 гаруй бакалавр, 300 гаруй магистр, 10 гаруй доктор оюутнуудад үйлчилдэг.

Сургалтын өнөөгийн байдал

Сургалт явуулж буй хөтөлбөрүүд:

  • Инженер математик
  • Инженерийн процессын загварчлал
  • Материал судлал, шинэ материалын химийн технологи
  • Химийн технологи
  • Органик бус бодисын химийн технологи
  • Органик бодисын химийн технологи
  • Газрын тосны боловсруулалтын технологи
  • Органик хими
  • Аналитик хими
  • Нэхмэлийн vйлдвэрлэлийн химийн технологи
  • Химийн инженерчлэл
  • Химийн багц
  • Инженер физик
  • Үйлдвэрийн экологийн инженер
  • Экологийн багц
  • Цөмийн технологи
  • Үйлдвэрийн экологийн багц мэргэжлээр бакалаврын сургалт,
  • Инженерийн бэлтгэл-герман хэлний анги
  • Статистик хамтарсан хөтөлбөрийн ангийн 2 жилийн сургалтыг хариуцан явуулж байна. 

ХӨТӨЛБӨРҮҮД 

Инженерийн бэлтгэл /Монгол-Германы хамтарсан/

 ХБНГУ-ын их дээд сургуулиудад инженерийн чиглэлээр суралцахад   шаардагдах  герман хэлний мэдлэгтэй болохоос гадна дээд боловсролын   суурь хичээлүүдийг герман хэл дээр судална. Монголд 2 жил суралцсаны дараа DSH (Deutsch Sprachpruefung fuer den Hochschulzugang auslaendischer   Studienbewerber ) буюу ХБНГУ-ын их дээд сургуульд суралцах Герман хэлний   шалгалтыг өгч, тэнцсэн тохиолдолд ХБНГУ-ын их дээд сургуулиудад болон   ШУТИС-д инженерийн чиглэлээр үргэлжлүүлэн суралцах боломжтой. 

 

Статистик / БНХАУ-ын Баруун Хойд Политехникийн Их Сургуультай хамтарсан /

 Монголд 2 жил сурсаны дараа БНХАУ-ын Баруун хойд Политехникийн их сургуульд эсвэл ШУТИС-ийн бусад, салбар сургуулиудын инженерийн ангиудад шилжин үргэлжлүүлэн суралцаж болно.Хамтарсан хөтөлбөрт суралцагсад БНХАУ-ын Сянь хот дахь Баруун Хойд Политехникийн Их Сургуульд сургалтын төлөвлөгөөний дагуу танилцах дадлагад хамрагдана.

 

Химийн технологи

Органик бус бодисын  технологи, эрдэс түүхий эдийн боловсруулалт, үнэт, өнгөт, газрын ховор элементийг ялгах, гарган авах технологи, техникийн шинэ материал, силикат, геополимер материалын технологиудыг судалсанаар хими, барилга, авто зам, уул уурхай, металлурги, хүнс, хөнгөн үйлдвэрлэлийн салбаруудад инженер, эрдэм шинжилгээний байгууллагуудад судлаач, төрийн мэргэжлийн байгууллагад мэргэжилтнээр ажиллах боломжтой. 

 

 

Нүүрс, газрын тосны боловсруулалтын химийн технологи

 

Органик гаралтай хатуу түлш болох нүүрсийг боловсруулах,  хийжүүлэх, коксжуулах, шингэрүүлэх, баяжуулах, нефть ба хийн боловсруулалтын технологиудыг судалсанаар нүүрс, нефть, авто зам, хөдөө аж ахуй, уул уурхайн салбаруудад инженер, стандарт, хяналтын байгууллагад шинжээч, эрдэм шинжилгээний байгууллагуудад судлаач, байгууллагад мэргэжилтнээр ажиллах боломжтой. 

 

 

Химийн инженерчлэл

Үйлдвэрлэлийн процессыг удирдах, загварчлах, тоног төхөөрөмжийг сонгох, тооцоолох,  үйлдвэрлэлийн төсөл боловсруулах арга зүй, орчин үеийн шинжилгээний уламжлалт болон багажит анализийн аргуудыг эзэмшсэнээр хими, барилга, уул уурхай, хөнгөн, хүнс, металл боловсруулах үйлдвэрлэлийн салбарт удирдах ажилтан, инженер, эрдэм шинжилгээний байгууллагуудад судлаач, төрийн мэргэжлийн байгууллагуудад мэргэжилтэнээр ажиллах боломжтой.

Нэхмэлийн үйлдвэрлэлийн химийн технологи

Байгалийн болон химийн гаралтай нийлэг нэхмэлийн ширхэгт материалуудын нанотехнологи, ноос   боловсруулах, будах технологийг эзэмшсэнээр эрдэм шинжилгээний байгууллага, будаг, химийн лабораторид шинжээч, чанар хяналтын байгууллагад мэргэжилтэн, нэхмэл, сүлжмэлийн үйлдвэрт гүйцэтгэн боловсруулалтын инженер, мэргэжлийн сургалт үйлдвэрлэлийн төвүүд, их дээд сургуулиудад багш, байгууллагуудад мэргэжилтнээр ажиллах боломжтой. 

 

Арьс ширний үйлдвэрлэлийн химийн технологи

Экоматериалыг гүйцэтгэн боловсруулах технологи, экоматериал болох арьс ширийг боловсруулах, эко гаралтай түүхий эдээс бүтээгдэхүүн гарган авах химийн технологийг эзэмшсэнээр арьс шир, үслэг эдлэлийг боловсруулах болон хөнгөн үйлдвэрлэлийн салбарт удирдах ажилтан, технологич инженер, экоматериалын шинжээч, эрдэм шинжилгээний байгууллагад судлаач, мэргэжлийн сургалт үйлдвэрлэлийн төвүүд, их дээд сургуулиудад багшаар, төрийн мэргэжлийн байгууллагад мэргэжилтнээр ажиллах боломжтой. 

Үйлдвэрийн экологи

Байгаль орчныг хамгаалах, түүний төлөв байдал, агаар, ус, хөрсний бохирдлыг үнэлэх, усны нөөц, эх үүсвэрийг тогтоох, үйлдвэр, аж ахуйн газрын хөдөлмөрийн эрүүл ахуй, аюулгүй байдлыг зохион байгуулах инженер техникийн боловсон хүчнийг бэлтгэн гаргадаг бөгөөд төгсөгч нь байгаль орчны шинжээч, мэргэжилтэн, үйлдвэрлэлийн газрын экологийн инженер, ус цаг уур орчны шинжилгээний газарт мэргэжилтэн, байцаагч, эрдэм шинжилгээний байгууллага, их дээд сургуулиудад багш, судлаачаар ажиллах боломжтой.