Түүхэн замнал

ТҮҮХЭН ЗАМНАЛ


1959 онд МУИС-ийн тоо-физикийн салбарын III ангийн оюутнуудаас барилгын инженерийн, 1960 онд Газар зүйн салбарын I ба II ангийн оюутнуудаас геологич инженерийн, 1960 оноос цахилгаан, дулааны инженерийн, 1961 оноос хөнгөн үйлдвэрийн механикийн, 1962 оноос авто инженерийн мэргэжлээр тус тус сургалт явуулж эхэлснээр Монгол улсын хэмжээнд үндэсний инженер техникийн мэргэжилтэн дотооддоо  бэлтгэх үйл ажиллагаа эхэлсэн юм. Иймд эдгээр мэргэжлийн ангиудад дээд боловсролын суурь ухааны математик, физик, химийн хичээлүүдийг заах “Дээд математик”, “Ерөнхий физик”, “Ерөнхий хими”-ийн тэнхимүүд анх байгуулагджээ.

БНМАУ-ын Сайд нарын зөвлөлийн 1969 оны 247 дугаар тогтоолоор Политехникийн дээд сургууль (ПДС) байгуулагдах шийдвэр гарсан.  1977 онд ПДС-ийн Ерөнхий эрдмийн факультет (ЕЭФ) нь дээд математик, ерөнхий хими, физик, биеийн тамирын тэнхимтэйгээр байгуулагдсан ба дараа нь философи, улс төр эдийн засгийн ухаан, түүхийн тэнхимүүдийг нэгтгэн Нийгмийн ухааны тэнхим болгож тус факультетэд харьяалуулсан байна. 

1992 оноос ТИС-ийн Суурь боловсролын төв, 1997 оноос ТИС-ийн Инженерийн суурь боловсролын сургууль, 2000 онд Математикийн сургууль, Химийн технологийн сургууль, 2001 онд Материалын технологийн сургууль  гэсэн ШУТИС-ийн  бүрэлдэхүүн сургуулиуд болон өргөжсөн.

ШУТИС-ийн ректорын 2014 оны 6-р сарын 11-ны А/102 тоот тушаалаар Математикийн болон Материалын технологийн сургуулиудыг нэгтгэн Хэрэглээний шинжлэх ухааны сургууль болгон шинэчлэн зохион байгуулагдсан.

Хэрэглээний шинжлэх ухааны сургууль нь Химийн инженерчлэлийн салбар, Математик, Физик, Биеийн тамир, спортын тэнхимүүдээс бүрдсэн нийт 141 профессор, багш ажиллагсадтай бөгөөд монгол улсын гавьяат багш-2, профессор-5, хүндэт профессор-8, зөвлөх профессор-4, дэд профессор-9, докторын зэрэгтэй 50 гаруй багш нар болон сургалт, судалгааны нийт 25 лабораторитойгоор үйл ажиллагаагаа явуулж байна. Манай профессор, багш нар эрдэм шинжилгээний олон улсын болон улсын чанартай төслүүд, аж ахуйн гэрээт ажлуудыг гүйцэтгэхийн зэрэгцээ олон улсад хүлээн зөвшөөрөгдсөн “Импакт фактор” өндөртэй сэтгүүлүүдэд жил бүр олон, олон бүтээлүүдээ хэвлүүлж байна.

Түүхэн товчоо

  • 1987 он Политехникийн дээд сургуульд ерөнхий эрдмийн факультет
  • 1992 он ТИС-ийн Суурь боловсролын төв
  • 1997 он ТИС-ийн Инженерийн суурь боловсролын сургууль
  • 2000 он ШУТИС-ийн Математикийн сургууль
  • 2000 он ШУТИС-ийн Химийн технологийн сургууль
  • 2001 он ШУТИС-ийн Материалын технологийн сургууль
  • 2014 он ШУТИС-ийн Хэрэглээний шинжлэх ухааны сургууль 

 

Холбоотой цэсүүд