ШУТИС-ийн Хэрэглээний Шинжлэх Ухааны сургуулийн Химийн инженерчлэлийн салбарын харъяа “Химийн үйлдвэрийн процесс аппарат”-ын лабораторийн нээлт боллоо
ganbii

2015 оны 10-р сарын 15-нд ШУТИС-ийн Т байрны 204 тоот өрөөнд ХШУС-ийн Химийн инженерчлэлийн салбар шинэ лабораторийн нээлтээ хийлээ.

ХШУС-ийн химийн инженерчлэлийн салбар нь сургалтын материаллаг баазыг бэхжүүлэх үүднээс тус салбарын профессор, химийн ухаан доктор П.Мөнхбаатарын санаачлагаар “Химийн үйлдвэрийн процесс, аппарат” хичээлийн лаборатори байгуулах төслийг боловсруулж 137,7 сая төгрөгний санхүүжилт хийн  2013-2015 оны хичээлийн жилүүдэд амжилттай хэрэгжүүлэн энэ шинэ хичээлийн жилд хүлээлгэн өгч байна.

Төслийн хүрээнд шинээр сургалтанд ашиглах нийт 7 төрлийн багц тоног төхөөрөмжүүдийг БНХАУ-ын “Tyanjin Ridgesky Scientific Development” компанитай гэрээ байгуулж захиалгаар хийлгүүлэн худалдан авч суурилуулж ашиглалтанд орууллаа. Дээд боловсролын хөтөлбөрийн шинэчлэл хийгдэж буй өнөө үед сургалтын чанарыг дээшлүүлэхэд ихээхэн өгөөжтэй бакалавр, магистр, доктор оюутнууд зөвхөн онолын хичээлээс гадна судалгаан дээр үндэслэсэн туршилтыг явуулах боломжтой боллоо.

 

Сургалтын энэхүү лабораторийн тоног төхөөрөмжүүдийг хагас ба бүрэн автомат горимоор ажиллуулж болох сайн талтай ба технологийн урсгалын үндсэн үзүүлэлтүүдийг компьютерийн системээр хянах боломжтой нь үйлдвэрлэлийн технологийн процессыг хянах чадвартай инженер техникийн ажилтан бэлтгэгдэн гарч зөвхөн онол дээр суурилсан бус практикт тулгуурласан сургалтыг явуулна.

Манай улсын их дээд сургуулиудад энэ төрлийн багц тоног төхөөрөмж бүхий химийн үйлдвэрийн процесс, аппаратын лаборатори одоохондоо байгуулагдаагүй бөгөөд манай лаборатори анхдагч болж байгаад бид баяртай байна. 

Энэхүү лабораторийг байгуулахад гүн туслалцаа үзүүлсэн ШУТИС-ийн захиргаа, Хэрэглээний Шинжлэх ухааны сургуулийн захирал профессор Д.Буянтогтох, Химийн Инженерчлэлийн салбарын эрхлэгч Монголын улсын гавъяат багш, профессор Б.Бямбагар, профессор П.Мөнхбаатар, профессор И.Сүхбаатар, ХИС-ын багш А.Доржготов, Д.Хандмаа, Ю.Ганчимэг,  Б.Тунгалагтамир, Х.Серикжан, Ч.Гүнчин, сургалтын мастер Г.Бадрал, М.Цэцэгжаргал нарт болон БНХАУ-ын “Tyanjin Ridgesky Scientific Development” компаний захирал, инженерүүдэд гүн талархал илэрхийлье.

Мэдээ бэлтгэсэн: Ахлах багш Д.Хандмаа