“Шатах ашигт малтмалын хими, боловсруулалт ба экологийн асуудлууд” эрдэм шинжилгээний хурал амжилттай болж өндөрлөлөө
delger

ШУТИС-ийн Хэрэглээний Шинжлэх Ухааны Сургуулийн Химийн Инженерчлэлийн Салбараас Монголын Химийн Нийгэмлэгтэй жил бүр хамтран зохион байгуулдаг “Шатах ашигт малтмалын хими, боловсруулалт ба экологийн асуудлууд” эрдэм шинжилгээний хурлыг 2023 оны 02-р сарын 03-нд амжилттай зохион байгууллаа. ХШУС-ийн захирал доктор (Ph.D), дэд профессор В.Өлзийбаяр хурлыг нээж, ШУТИС-ийн захирал, доктор (Ph.D), профессор Т.Намнан, Монголын Химийн Нийгэмлэгийн ерөнхийлөгч ШУ-ны доктор, академич Б. Авид, АМГТГ, Газрын тосны бүтээгдэхүүний хэлтсийн дарга Д.Даваабаяр нар мэндчилгээ дэвшүүлэв.

Шатах ашигт малтмалын хими, боловсруулалт ба экологийн асуудлууд эрдэм шинжилгээний хурал нь 2013 оноос хойш зохион байгуулагдаж байгаа бөгөөд 10 дахь удаагийн энэхүү хурал нь Химийн Инженерчлэлийн Салбарын зөвлөх профессор, Монгол Улсын Гавьяат багш доктор (Ph.D), профессор Б.Бямбагарын нэрэмжит  болж байгаагаар онцлог боллоо.  

           

Энэхүү хуралд Монголын химийн нийгэмлэг, ШУА-ийн харьяа Хими, химийн технологийн хүрээлэн, Монголын газрын тос боловсруулах үйлдвэр ТӨХХК, Уул уурхай баяжуулагчдын холбоо, Ашигт малтмал газрын тосны газар, Монгол нүүрс ассоциаци, Эрдэнэс Таван толгой ХК, Кей Минералс Солюшнс ХХК, Таван толгой түлш ХХК, Ланд Начур ХХК, Мон Эко ХХК, Амбер ХХК, East Gobi ХХК, Шүүх шинжилгээний ерөнхий газар, Онцгой байдлын ерөнхий газар, МУИС, Хэрэглээний шинжлэх ухаан ба инженерийн сургууль, МУИС, Шинжлэх ухааны сургууль, МУИС-ийн Цэвэр энергийн технологи хөгжүүлэлтийн лаборатори, МУИС-ийн харьяа Улаанбаатар их сургууль, Ховдын их сургууль, БНХАУ-ын Өвөр Монголын аж үйлдвэрийн их сургууль, ШУТИС-ийн ХШУС-ийн Химийн Инженерчлэлийн салбар, ШУТИС-ийн Механик Тээврийн сургууль, ШУТИС-ийн Эрчим хүчний сургууль, ШУТИС-ийн Геологи, уул уурхайн сургууль зэрэг 25 байгууллагын мэргэжилтэн, эрдэмтэн, судлаач нар оролцож 20 гаруй илтгэлийг хэлэлцсэн бөгөөд шаардлага хангасан эрдэм шинжилгээний бүтээлүүд нь ШУА-ын ерөнхийлөгчийн 2022.01.17-ны өдрийн А/14 тоот тушаалаар батлагдсан дотоодын мэргэжлийн сэтгүүлийн жагсаалтад бүртгэлтэй “Шатах ашигт малтмалын хими, боловсруулалт ба экологийн асуудлууд” сэтгүүлд /ЭШ-ний сэтгүүл №10/2022, ISSN 978-99973-50-40-4/ хэвлэгдэв.

 Энэхүү хурлын бас нэгэн онцлох үйл ажиллагаа нь Монгол Улсын Гавьяат багш, доктор (Ph.D), профессор Б.Бямбагарын нэрэмжит залуу судлаачдын судалгааны ажлыг дэмжих 1 сая төгрөгийн грантын эзнээр ХИС-ын дэд профессор, доктор (Ph.D) Д.Илчгэрэл багш тодорсон явдал юм.

           

          

Эрдэм шинжилгээний хуралд оролцсон эрдэмтэн, судлаач нарын шилдэг бүтээлүүдийг сонгон шалгаруулж өргөмжлөл, ХИС-ын профессор багш нарын бүтээлийн дээжис, мөнгөн шагналаар шагнав. Үүнд: 1-р байрыг Кей Минерал Солюшнс ХХК-ийн судлаач М. Базаррагчаа, дэд байрыг ШУТИС, ХШУС-ийн ахлах багш, доктор (Ph.D) Ц. Баяртсайхан,  3-р байрыг МУИС, ШУС-ийн судлаач Б. Гантулга  нар тус тус эзлэв. ШУТИС-ийн ЭХС-ийн Дулааны инженерийн салбарын багш Б.Баттөрийн танилцуулсан "Илчлэг багатай хүрэн нүүрсний хийгээр ажиллах хийн турбины шатаах камерийн математик загвар" илтгэлийг Нүүрс ассоциацийн гүйцэтгэх захирал Ж. Золжаргалын зүгээс онцолж өргөмжлөл, мөнгөн шагналаар урамшуулав.

          

                                                            Химийн Инженерчлэлийн Салбар

                                                                      2023-02-03